2007-03-05
"Нутагтаа ирээд төрсөн сэтгэгдлүүдээсээ":-Эх орны тухай...
Нэгэн Монгол залуугийн бичлэгээс:

Тэмдэглэл хөтлөлгүй их уджээ. Блог-оо бараг л мартах дөхөж. Урт удаан хугацаанд блог сэргээгээгүйдээ хүлцэл өчье.
Монголд ирээд хагас жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хоёр ч төсөл дээр ажиллаж дууслаа. 3-4 ажил зэрэг хийж ч үзлээ. Завгүй амьдралын хэмнэл заримдаа хэт түргэсч, заримдаа царцанги болсон ч юм шиг сэтгэгдэл төрнө. Ямар ч гэсэн эх нутагтаа ирээд төрсөн сэтгэгдлүүдээсээ тантай хуваалцая. Сэтгэлийг тань гонсойлгох зүйл энд бичигдсэн байж болох ч, байгаа бодит үнэнийг өгүүлэхийг л зорьсныг ойлгоно буйзаа.

1. Ухамсар, соёл

Монголын нийгэмд хүмүүсийн дунд сэтгэлгээ, ухамсрын болоод хөрөнгө чинээний асар ялгаатай давхарга, бүлгүүд бий болсон нь илт мэдрэгдэж байна. Ухамсраар хамгийн дорой, ядуу байгаа нь хөрөнгө чинээгээрээ нийгмийн доод давхаргад багтах үгээгүй ядуучууд БИШ, харин дээд давхаргынхан, өөрсдийгөө шинэ Монголчууд, элитүүд гээд бодчихсон, улс төрөөр тоглож буй төрийн өндөр албан тушаалд он удаан жил ээлжлэн сууж буй луйварчид байх юм. Харин хөрөнгө чинээгээр дулимаг жирийн албан хаагчид, хөдөлмөрөө шударга бусаар үнэлүүлж байгаа шударга иргэд маань, маш өндөр боловсрол, ёс суртахуунтай ч түүнийг нь өнөөгийн Монголын нийгэм хүлээж авах чадваргүй байгаад харамсдаг боловсролтой залуус маань ухамсар, ёс суртахуунаараа нийгмийнхээ хамгийн дээд давхаргад багтаж байна.

Нийгмийн соёлын тухайд хүн хүнээ хүндэлж, бие биенээ “энэ хүн чинь бидний нийгмийн нэг эд, эс юм шүү” гэж харахаас илүү нэгнийгээ үл хүндлэх, үзэн ядах үзэл (misanthrophy) Монголын нийгэмд газар авсан нь ажиглагдлаа. Нийтлэг уур амьсгалыг нь ажиж байхад хүмүүс уур уцаар ихтэй, амьдралд сэтгэл ханамж муутай байна. Энэ нь хүмүүсийн өдөр тутмын замын хөдөлгөөнд оролцох, үйлчилгээ өгөх, авах үйл ажиллагаанаас нь тодорхой мэдрэгдэнэ. Жишээ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч гарцан дээр явган зорчигчид зам тавьж өгдөггүй, зам тавьж зогссон жолоочийн араас бусад нь сигналдаж, хэл амаар доромжилдог, гарцаар гарч байгаа явган зорчигчийг бас сигналдаж цочоодог, замын хөдөлгөөнд оролцохдоо “би л болж байвал бусад нь яасан ч яахав” гэсэн амин хувиа хичээсэн бүдүүлэг үзлээр хандаж байгаа нь жирийн иргэдийн өдөр тутмын амьдралд маш их дарамж, стресс болж байдаг ажээ. Энэ бүхнийг дээд тушаалтнууд мэдэрдэггүй юм байна лээ. Учир нь тэд өөрсдийн явж байгаа бүх замын хөдөлгөөнүүдийг хаалгаж, дохио хангинуулсан хамгаалалтын машинаар зам гаргуулаад, хотын замаар чөлөөтэй зорчдог байх юм. Миний бодлоор тэд Монголын иргэн л юм бол жирийн иргэдтэйгээ нэгэн адил замын хөдөлгөөнд оролцож, өнөөдөр Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцоход ямар их дарамттай байгааг мэдрэх ухамсартай, үүнийг шийдвэрлэх сэтгэлтэй байх ёстой.

Дэлгүүрт худалдаа хийх үед худалдагчтай мэндэлж, баярлалаа, баяртай гэх мэт энгийн үгс хэлбэл зарим нь их гайхаж байна. Тэд өөрсдөө хэзээ ч худалдан авагчтай түрүүлж мэндэлдэггүй, бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авч байхад баярлалаа гэж хэлдэггүй, танихгүй ч гэсэн өөрөөс нь үйлчилгээ авсан хүндээ баяртай гэж хэлдэггүй болохоороо ийн гайхдаг бололтой юм. Нийгэм хэцүү байгаагаас хүн ууртай уцаартай, харилцааны энгийн соёлгүй байх нь аргагүй гэж зарим хүн өмөөрөх байх л даа. Харин энэ их бухимдлыг тайлж, уур уцаарыг арилгаж, нийгэмд хүн яаж хөлөө олж, байр сууриа эзлэх вэ, ингэснээр нийгмийн соёлын түвшинг яаж дээшлүүлэх вэ гэдэг дээр нэг ч хүнд санал алга. Нийгмийн жирийн харилцаанд бие хүн бусадтайгаа яаж харилцаж байгаагаас, харилцааны энгийн соёлоос л бүх сайн зүйл эхлэх нь ойлгомжтой ч харамсалтай нь “хамгийн хялбар, жижигхэн, энгийн зүйлийг хийх нь зарим үед хамгийн хэцүү болсон байдаг” гэсэн догма Монголд бий болжээ.

Монголд аль ч шатанд цаг баримтлана гэдэг ховор бөгөөд “үдээс өмнө”, “үдээс хойш” гэсэн хоёрхон цагтай юм шиг л сэтгэгдэл төрүүлэв. Цаг тохирч уулзалт хийхээс хүмүүс зайлсхийж, цаг тохирохдоо ”тэгж байгаад миний гар луу утасдчих” ч гэдэг юмуу, эсвэл “ирэнгүүт надруу залгаарай” гэх мэт утга нь үл ойлгогдох, цаанаа л нэг “найдваргүй, баталгаагүй” шинжийг агуулсан үгс хэлнэ. Цаашилбал E-mail-ээр хүнтэй харилцаж, санал солилцох, уулзах цаг тохирох гэдэг асуудал лав л төрийн алба хашиж байгаа зарим ажилтнууд, дарга нарт алга байна лээ. Ингэхлээр хүнд суртал Монголд дээд зэргийн түвшинд хүрсэн гэж хэлж болно.

Намайг гар утас хэрэглэдэггүй гэхээр олон хүн гайхаж, “гар утасгүй хүнийг анх удаа л харж байна” гэх ба дэндүү харамч хахир хүн байна гэж дотроо бодож байх шиг. Төрөл садангууд дотроо 60 гарсан нагац эгч бид хоёр л гар утасгүй нь байх аж. Өөрөөр хэлбэл ихэнх хүмүүс мөнгөний үнэ цэнийг мэдэхгүйгээс, юу хүсэж байгаагаа мэдэхээс юу хэрэгтэйгээ үл мэдэх-ийн гайгаар Монголд 8 настнаас 80 настан хүртэл бараг бүх хүн гар утастай болж, тэр нь нийгэм дэх үр ашиггүй хэрэглээ гэхээр болжээ. Ажил дээрээ, гэртээ утастай, тэгээд ө-mail-ээ өдөр бүр шалгадаг байхад гар утасны хэрэг надад үнэндээ байдаггүй л дээ. Гэтэл энд бага ангийн сурагчид хүртэл хэн нь ямар дугаартай, ямар маркийн гар утас хэрэглэдэг гэдгээрээ бараг уралддаг болсон гэнэ. Оюуны хомсдол ямар түвшинд очсоны нэг илэрхийлэл энэ буюу. Энэ ч утгаараа сайд дарга нар, УИХ-ын гишүүд нь хүртэл албан ажил, хувийн асуудлаа хольж хутгаж байх юм. Жишээ нь УИХ-ын чуулган дээр гар утсаараа яриад, мессеж шалгаад, ямар асуудал хэлэлцэж байгааг үл сэхээрэх гишүүд, сайдууд дийлэнх нь байх юм. Утас нь дугараад, утсаараа яриад байхаар тэр хүний анхаарал ажилдаа төвлөрөхгүй нь мэдээж. Тэгэхээр төрийн ажил ямархуу явагдаж байгааг зүгээр л гар утсаар тайлбарлачихаж болмоор. Ерөөс гар утас гэдэг нь тухайн хүний хувийн асуудалтай холбоотой байх ёстой гэж би ойлгодог. За ажлын онцлогоос шалтгаалаад, жишээ нь salesperson, delivery agent гэх мэт хүмүүс зайлшгүй гар утсаараа бизнесээ явуулах нь ойлгомжтой л доо. Гэтэл Монголд оффисын ажилтнууд оффис дээр нь утас, факс, интернэт байсаар атал гар утсаараа ажил төрөл, ахуй амьдрал, хувийн асуудлаа гээд бүгдийг нь ярьдаг нь үнэхээр оффисын дүрэмд, оффисын ажилтны ёс суртахуунд огт нийцэхгүй санагдаж байна. Зүй нь тэд ажил үүргээ явуулах үедээ, ажлын цагаар гар утсаа унтраах ёстой юм. Мэргэжилтэй, боловсролтой, нэр хүндтэй алба ажилтай хүн нэрийн хуудсан дээрээ гар утасны дугаар бичдэггүй бичигдээгүй дүрэм олон улсын түвшинд мөрдөгддөг. Гэтэл Монголд бараг л бүх шатны хүн нэрийн хуудсан дээрээ гар утсаа бичсэн байх юм. Өөрөөр хэлбэл энэ нь “намайг олж харьцахыг хүсвэл миний хувийн дугаар луу залгаарай” гэсэнтэй утга нэг болчихоор байна. Цаашилбал Монголд оффисын утсыг бараг хэрэглэдэггүй гажиг жишиг тогтчихоод байх шиг. Төрийн албанд гэхэд дарга нар нь ажлынхаа утсыг авдаггүй, ажлынхаа утсаар барагтай ярьдаггүй. Тэнд нь нэг утас тоосонд даруулаад дугарч л байдаг. Харин гар утсаараа бол өөр. Өглөөнөөс үдэш болтол хэзээ, хаана байгаагаасаа үл хамааран амраг садан, ах дүү, арилжаа наймаа, ажил хэргээ тэд ярина. Ингэхлээр Монголд сурагчдаас нь эхлээд төрийн албаны ажилтнууд, сайд дарга нар нь хариуцсан үүрэг ажилдаа анхаарлаа үл төвлөрүүлэн хэрхэн хөнгөн, хийсвэр ханддагийг зөвхөн тэдний гар утасны үрэлгэн, ухаангүй, дэг журамгүй, бүдүүлэг хэрэглээгээр нь тайлбарлачихаж болмоор юм шиг.

Соёлын хувьд Хятадын соёл манай нийгэмд өнгөрсөн цөөн жилд маш эрчимтэй түрэн орж ирснийг ирүүт мэдрэв. Улаанбаатар хот яг л Хятадын өмнө зүгийн, орон нутгийн нэг хот шиг болж. Энд Монголоор ярьдаг, Монголжсон Хятад, Солонгос хүн маш олон болсны дээр, иргэд Монгол, Хятад нь огт мэдэгдэхгүй шахам болсныг мэдрээд сэтгэл минь их өвдөв. Өвөр Монголын телевизийн сувгаар нь Ар, Өвөр Монголчууд тэврэлдээд дуулаад, хамтраад урлагийн тоглолт их л үзүүлж байгаа харагдах юм. Монгол биш хүн түүнийг нь харвал “Монгол бол Хятадын нэг хэсэг гэдэг нь үнэн юм байна” гэж ойлгохоор. Өвөр Монголоор дамжин язгуурын Монгол маань Хятадад нэлээд түргэн уусч байгааг нүдээр харлаа. Ер нь ажиж байхад уламжлалт Монгол соёл, ёс заншлаа мэддэг хүн тун цөөхөн болсон бололтой. Үүний нэг жишээ нь сая Цагаан сараар гахай жилийг хүмүүс “алтан гахай” хэмээн нэрлэж байх юм. Хятад хүн гахайг арвин баян эд баялгийн дээд гэж шүтдэг, аливаа эрхэмлэн хүндэтгэдэг зүйлээ “алтан” хэмээдгийг (алтан луу, алтан улс гэх мэт), мөн Хятад хүний “өнгөрсөн, одоо, ирээдүйн амьдралдаа мөнгө, эд баялаг хуримтлуулах” амьдралын философийг нь бодолцвол Алтан Гахай гэдэг нь Монголчуудад биш, илэрхий Хятадуудад хамаатай нэр юм. Гэтэл Монголчууд маань бие даан сэтгэн бодох, шүүн тунгаах ухаангүй болж, бусдыг урсгалаар даган дуурайж, Хятадын соёлд автаж байгаа нь үнэхээр жигшил төрүүлж байна. Энэ мэт зүйлсийг бусадтай ярилцвал “Чи тэгээд яаж ч чадахгүй биздээ? Хятадын хүчинд Монголчууд хүнс хоол, эд бараагаар хангагдаж амьдарч байгаа юм бишүү” гэж омоглон уурлах МОНГОЛ хүн олон болжээ. Ерөөс тийм хүмүүс Хятадад уусах хувь тавиландаа эвлэрчихсэн, түүнийг хүлээн зөвшөөрсөн ч юм шиг. Ер нь надад ойлгохгүй зүйл энд их байнаа. Язгуурын Монгол ухаанаар сэтгэж, Монгол хүний нүдээр эх орноо бодитоор нь нэг харвал жигшин зэвүүцэх, эмзэглэх, сэтгэл өвдөх үзэгдэл, зүйлс энд урьдахаас их болж. Харин Монгол хүний БУС нүдээр харвал энд юм бүхэн болоод, бүтээд, жам ёсоороо жижиг зах зээл нь хөгжөөд, хүмүүс нь ахуй амьжиргаа эрхлээд, Монгол удаан боловч бас хөгжөөд байгаа мэт харагдах байх л даа.

2. Ядуурал

Санхүүгийн хувьд дийлэнх иргэд маань ядуучуудын бүлэгт орчихжээ. Ядуу хүн гэхээр орох оронгүй, эрхэлсэн ажилгүй, орлогогүй, үгээгүй хоосны нэр ч биш юм. Хэдийгээр гэр орон, унах унаа, тодорхой эрхэлсэн ажил, орлоготой ч, түүнээсээ мөнгөн хуримтлал үүсгэж чаддаггүй, тэгэх боломжгүй байгаа иргэдийг бас ядуурч байгаа хүн гэж тооцдог. Энэ ойлголтоор бол Монголын бүх дунд, доод давхаргынхан, өөрөөр хэлбэл шударгаар хөдөлмөрлөгсөд ядуу гэсэн бүлэгт орохоор байгаа юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ маш өндөр байхад Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж хэт доогуур байгаа нь ядуурлыг улам бүр нэмэгдүүлэх боллоо.

Амьжиргааны урсгал зардлуудаа (байр, хоол унд, хувцас, тээвэр, даатгал, харилцаа холбоо гэх мэт) бүрэн төлөөд, хэрэглээгээ нэлээд танаж, сэтгэл зовнихгүй амьдрахын тулд Монголд дор хаяж $1,000-ын цалин сард авах шаардлагатай болсон байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод энгийн орон сууцандаа, нэг их санаа зовох зүйлгүй амьдрахын тулд ийм хэмжээний орлоготой байхыг амьжиргааны түвшин нь өөрөө шаардаж байна. Хувь хүнд ийм хэмжээний цалинг хувийн хэвшил юмуу олон улсын байгууллага л санал болгоно. Харин улсын байгууллага, төрийн албанд байдал маш хүнд. Жишээ нь Монголд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 69,900 төгрөг, 80,000-аас доош төгрөгийн орлогод татвар ногдуулахгүй, төрийн албан хаагчийн дундаж цалин сард 156,000 төгрөг байх ба 30 гаруй жил үр бүтээлтэй ажилласан их эмч нар сард 150,000 төгрөг авч байх юм. Улс орон хийсэн бүтээснийхээ хэрээр иргэд нь хөдөлмөрөө үнэлүүлэх нь ойлгомжтой ч, төрийн албан хаагчид, төсвийн ажилтнуудын хувьд цалин хэтэрхий бага байна. Сарын $130-оор хүн яаж амьдрах вэ? Энэ эмгэнэлт байдалд нийгмийн баялгийг шударгаар хуваарилахын оронд далдуур хууль бусаар “хулгайлагч” төрийн өндөр албан тушаалтнууд буруутайгаас гадна тэднийг танилгүй олон олон сонгуулиар сонгосон сонгогчид бас буруутай.

“Гадаадад хичнээн өндөр боловсрол эзэмшээд ирлээ ч, Монголын нийгэмд тэрхүү боловсрол, мэдлэг, чадвараа шударгаар үнэлүүлж, цалингийн орлогоороо хангалттай амьдарч, түүнээсээ үр хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд мөнгөн хуримтлал үүсгэх боломж Монголд өнөөдөр алга байна” гээд дүгнэчихэд хилсдэхгүй гэж бодно. Учир нь би энд хоёр л жишээ хэлье. Олон улсын хандивлагч байгууллагуудаар санхүүжигддэг гадаадын төсөл Монгол ажилтанд (барууны оронд post graduatө dөgrөө хийсэн, мэдлэгтэй, туршлагатай хүмүүс) дунджаар $800-ын цалин сард өгдөг мөртлөө гадаадын экспертүүддээ хоногт $700 орчим цалин өгч байх юм. Хувийн хэвшилд competitivө salary амалж байна гэх мөртлөө боловсролын түвшнээр ижил, ажлын туршлагаар ялгаагүй гадаадын, Монголын хоёр мэргэжилтэн байлаа гэхэд тэдний хооронд тэмээ, ямаа шиг цалингийн түвшний ялгаа байх юм. Энэ жишээнээс үзэхэд Монгол хүн үүрд бага цалинтай байх ёстой гэсэн үзэл манайд үйлчилсээр л байна. Бид Монгол хүн болж төрсөн болохоороо үргэлжийн мөнхөд бусдаас бага цалин авч байх ёстой биш биздээ? Би гадаадын байгууллагаар санхүүжигддэг элдэв төсөл, мөн хувийн хэвшлийн талаар энэ удаад дэлгэрүүлж бичихээ түр азная. Харин Монголд төрийн алба ямар байгаа талаар бичихийг илүүд үзлээ.

3. Төрийн алба

Монгол залуус, бүсгүйчүүд гадаадад ямар их сургуульд боловсрол эзэмшиж, зэрэг хамгаалж, нэр хүндтэй газар мэргэжлээрээ ажиллаж туршлагажсан нь Монголын төрийн албанд огт хамаагүй, нөлөөгүй болчихсон байна. Учир нь төрийн алба гэгч төрийн үйлчилгээг ард иргэдэд үзүүлэх ёстой энэ чухал алба Монголд бодит утгаараа устаж, зөвхөн зохиомол тоглоом төдий болчихсон гашуун үнэнийг би биеэрээ мэдэрлээ. Энэ юунаас болов? Миний бодлоор Монголд эрдэм боловсролыг бодитоор үнэлэх орчин бүрдээгүйнх бус, тэрхүү орчныг хэсэг бүлэг хүмүүс зохиомлоор, он удаан жилээр албадан хаан боогдуулж байгаад оршино. Цөөн тооны бүлэг хүмүүс өөрсдийн эрх ашигт нийцүүлэн бидний улс орноор төр барьж тоглон, Монголыг улмаар тоглоомын улс болгосон нь ийм эмгэнэлт байдалд хүргэжээ.

Монгол Төрийн алба мэргэшсэн, чадварлаг байх ёстой гэж төрийн албаны тухай хуулинд заасан байдаг ч, өнөөдөр Монголын төрийн албанд ажиллаж байгаа дийлэнх ажилтнууд (бүгд гэж хэлээгүй) мэдлэг боловсролоор дулимаг, шийдвэр гаргах чадваргүй, мэргэшсэн бус, хүний үгээр үг хийж, хүний хийсэн бүтээснээс хулгай хийж, ажилд авахыг тушаасан хүнийхээ нөмөр, далбаан дор дээд тушаалтнуудын утсан хүүхэлдэй болдог хүн-сармагчингууд байна. Гэхдээ би энд төрийн албанд шударгаар ажиллаж, хамгийн хүнд хүчрийг нь үүрч байдаг цөөн боловч мэдлэгтэй, боловсролтой, шударга ажилтнуудыг үгүйсгээгүй юм шүү. Гагцхүү төрийн албанд улс төрийн бохир нөлөө орсноор төрийн алба мэргэшсэн, чадварлаг байх утгаа алдаж, улс төрийн өндөр албан тушаалтнуудын танил тал, мэргэжлийн бус хүмүүс төрийн албанд шургалсаар төрийн алба чадваргүй болсон байгаад л харамсаж байна. Энд би Монгол улсын Сангийн Яам, Үйлдвэр Худалдааны Яамыг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Жишээ татахад эрдэс баялгийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлыг хэрэгжүүлэхдээ дээрх Яамдууд дотоодын мэргэжлийн хүний нөөцийг огт ашиглахгүй байгаа нь Засгийн газар, гадны хөрөнгө оруулагчдын хооронд Монголын талд ашиггүй нөхцлөөр урт хугацааны гэрээ байгуулагдах магадлалыг эрс өсгөж байгаа юм. Учир нь хөрөнгө оруулалтын гэрээ гэж юу болох, түүнийг хэрхэн байгуулдаг, байгуулахдаа юуг хэрхэн харгалздаг зэрэг ОУ-ын туршлагыг судлах, гадны хөрөнгө оруулагчдын саналд үнэлгээ хийж, тэдэнд Төр өөрсдийн саналаа боловсруулан, сөргүүлэн тавих, хөрөнгө оруулалтын төсөлд мэргэжлийн үнэлгээ хийх хүний нөөцийн чадавхи дээрх Яамдуудад алга байна. Төрийн албыг мэргэшсэн хүмүүсээр гүйцэтгүүлэх үүргээ дээрх Яамдуудын эрх тушаалтнууд зөрчиж, Монголын эрдэс баялгийн эдийн засагчид, ОУ-ын хуульчид, уул уурхайн инженерүүд, хөрөнгө оруулалтын шинжээч нарыг бүгдийг нь шахан гаргажээ. Ийм нөхцөлд гадны хөрөнгө оруулагчдад сөргүүлэн тавих “хөзөр” эдгээр Яамдуудад байхгүй байх нь аргагүй.

Иймд гадаадад зэрэг хамгаалаад, сурсан мэдсэнээ улсынхаа хөрсөнд тарихаар ирж байгаа Монгол мэргэжилтнүүдээ Монголын Төр өөрөө цааш нь түлхэж байна. Одоо Монголын төрийн албанд ажиллаж байгаа эрх тушаалтнуудын дийлэнх нь Ph.D, Ph.D Engg, M.Sc, M. Engg, MBA, MA гэх мэт graduate degree гадаадад эзэмшээд Монголдоо буцан ирж байгаа Монгол мэргэжилтнүүдээ бодитоор үнэлж, улс орноо бодох үүднээс тэдэнд хийх ёстой ажлыг нь хийлгэж, мэдсэн сурснаа Монголд хэрэгжүүлэх боломжийг нь нээн өгөх нь байтугай эдгээр эзэмшсэн академик зэрэг ямар учиртай, хоорондоо ямар ялгаатайг нь ч мэдэхгүй байна гээд та боддоо.

Монголчууд юу ч мэддэггүй, Монголд өндөр мэргэжлийн хүмүүс байдаггүй гэвэл худлаа. Энд жишээ татахад өнгөрсөн 10 гаруй жилд зөвхөн АНУ-д гэхэд 400 орчим Монгол хүн ямар нэг их сургуульд нь суралцаж, Associate, Bacheor’s, Master’s, Ph.D зэрэг авсан статистик байна. Энэ тоо манай жижиг орны хувьд цөөн бишээ. Үндэсний хүний нөөцийн бодлого Монголын Төрд байгаагүйгээс л хөгжлийн энэхүү их боломж болсон үндэсний мэргэжилтнүүдээ Монголын Төр өөрөө эх орноос нь хөөн гаргасаар байна. Нөхцөл байдал ийм байгааг мэдрүүт гадаадад төгсөөд эх орондоо ирсэн Монгол мэргэжилтнүүд маань буцаад хилийн чанадад гарч одож байгаа үзэгдэл их боллоо. Тэд Төр засагтаа харамсдаг, харуусдаг, гомддог, бас тэднийг жигшдэг бизээ.

4. Сайн мэдээ

Хэдийгээр Монголын нийгэмд амь зуух хэцүү, цөөн бүлэг хүмүүсийн уршгаар улс эх орон маань ядуурлын туйлд хүрч, үндэсний аюулгүй байдлаа алдахад ойртсон ийм хүнд нөхцөл байдал гадаадад төгсөөд эх орноо зорьсон биднийг угтан авч байгаа ч, материаллаг буюу өчүүхэн сэтгэхүйнээс ангижирч, амьдралын утга учир, мөн чанарыг бодитоор ойлгодог, ухамсар, соёл, ёс суртахуунтай, боловсролтой, эх орноо гэх сэтгэлтэй залуучууд Монгол эх орондоо бас ч сэтгэл, зүтгэл гарган ажиллаж байгаа нь сайн хэрэг биш гэж үү? Тэдний тоо цөөхөн боловч, өөр өөрсдийн салбартаа хувь нэмрээ оруулж, өөр өөрсдийн орчиндоо үлгэр дууриал үзүүлж, Монголын бараан амьдралд гэгээлэг бүхнийг түгээхийн төлөө зүтгэн буй гэдэгт би итгэдэг.

Сэтгэлийн тэнхээ, тэвчээр жаахан дутсанаас ахиад л эх орноо орхин одохыг урьтал болгохоос илүүтэй, энд байгаа бүхий л нөөц боломжийг нээн олж, тэдгээрийг бүрэн ашиглах нь эх орондоо эргэн ирж буй залуус бидэнд илүү чухал гэж үзнэ. Хожмоо улс орныхоо төлөө залуу насандаа хийж бүтээсэн бага ч болов хувь нэмэртээ сэтгэл хангалуун байх нь Монгол хүн болж төрсний хувьд бидний бахархал, нэр төр гэж бодох юм.

Өнгөрсөн оны 10-р сард Монгол дахь АНУ-ын ЭСЯ, Монголын Боловсролын зөвлөгөө, мэдээллийн төвөөс хамтран АНУ-д төгсөгч Монголчуудын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулж, тэнд 100 орчим төгсөгч хүрэлцэн ирж, санал бодлоо чөлөөтэй хуваалцсанаар цаашид “Монгол улсын хөгжил” гэсэн нэгэн зорилгын төлөө өөр хоорондоо хамтран ажиллах үндэс суурь нь тавигдсан билээ. Үүний адил Герман, Япон, ОХУ, Их Британи, Австрали гэх мэт орнуудад төгссөн Монголчуудын холбоодууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа гэсэн. Аливаа амжилт бага зүйлээс л эхэлдэг болохоор улс орныхоо төлөө санаа зовнидог Монгол хүн бүр боломжоороо санаа сэтгэл нэгдэн, эдгээр холбоодын үйл ажиллагаанд нь оролцож байх хэрэгтэй юм байна.

Гадаад оронд төгсөөд Монголдоо ирж байгаа хүн бүхэн эхлээд нийгэмдээ дасахгүй, нийгмийнхээ гаж үзэгдэлтэй эвлэрэхгүй нь мэдээж болохоор их бухимдана, сэтгэл өвдөнө, зовно, харамсана, гуниглана, магадгүй цөхөрнө. Би анх ирээд яг л ийм байдалд орсон. Гэхдээ өдөр бүр Монголдоо яах гэж ирсэн зорилгоо өөртөө сануулж, тэрхүү зорилгоо биелүүлэх ёстой гэсэн иргэнийхээ үүргийг ухамсарлаж, Монголд ирсэн бусад олон залуус энэ бүх бэрхшээлийг сөрөн гарч чадсан шүүдээ гэж бодохоор эх орондоо буцан ирсэндээ харамсах сэтгэл огт төрдөггүй бөгөөд харин ч урам ордог юм. Ер нь хүнд энэхүү түр зуурын шокийг даван гарах сэтгэлийн тэнхээ, тэвчээр байх ёстой юм билээ.

Эцэст нь хэлэхэд “Хилийн чанадаас Монголдоо эргэн ирж буй боловсролтой залуус маш олон болтугай”, “Орон бүхэнд боловсорсон Монгол залуус нэгдэгтүн” гэж л хэлмээр байна. Боловсролтой, ёс зүйтэй Монгол иргэд энэ улс орон, нийгэмд тань агаар, ус шиг л үгүйлэгдэж байна шүү.

Бүх зүйл сайхан болно. Гагцхүү үүнд итгэе, зүтгэе!
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
yuuyuu genee...za bjii bodloo tsegtslii..denduu olon yum neg dor boondood boggnorol bolchloo.. bichkeen bodiii teed comment uldeey..

tur off
Бичсэн: Зочин цаг: 18:06, 2007-05-09 | Холбоос | |


Сэтгэгдэл
Asar unen yum bichij. gar utas gedeg demiireliig harahaar ih hetsuu. Nuur ni arhi tamhinaas bolood barsaisan har bolchihson, huvtsas hunar ni hirtei tegsen hernee gyaltganasan tsagaan utas bariad yavj bui huniig harahaar, ter hun yaltachgui utasaa uruusuu iluuteigeer hairlan enhriilj, tahin shutdeg yum baina daa gesen bodol turj bilee. Gar utas gej demiirdegee boliosoi bilee, hool undniihaa mungunuus hurtel hasch haramlaj baigaad unetei gar utas avdag yum shig sanagdsan.
Бичсэн: Зочин цаг: 01:07, 2007-03-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
hosting forum
Тоолуур
barrington health care for womanbarrington-public-schoolsfree sprint 8200 ringtonesfree polyphonics ringtone8100 lg ringtone vxbarrington tops national park mapharrington house hoteldave matthew band ringtonesnokia 2128i ringtone downloads data cableking of the hill ringtone



:-)
 
xaax